МУ-ын хуульд зааснаар хувь хүн гадаадаас бараа захиалж авахад доорх нөхцөлд 15,5% (нийт үнээс буюу барааны үнэ дээр тээврийн зардлыг нэмээд татвар ноогдуулдаг) татвараас чөлөөлөгдөнө гэж заасан.
Үүнд:
2024 оны 1 сарын 1-нээс мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний нэг сарын доод хэмжээ ₮660,000
Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй (6,600,000₮), ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий, хувь хүний нэр дээр илгээсэн илгээмж.
Ижил төрлийн бараа гэдэг нь:
Гаалийн тариф, татварын тухай хуулийн 12.2-т “Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас нь аль алинаа орлож чадах барааг хэлнэ” 12.3-т “Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийн улсыг харгалзан үзнэ” гэж заасан. /
Жишээ нь :
Таны нэр дээр хүүхдийн гутал 1ш, эмэгтэй гутал 1ш, эрэгтэй гутал 1ш нийт 3ш гутал ирсэн. Энэ тохиолдолд нийт үнийн дүн 6 сая 600 мянган төгрөг хүрээгүй ч нэг төрлийн бараа гэж үзэж татвар тооцож авна. Харин таны нэр дээр өмд 2ш, цамц 2ш, гутал 2ш нийт 6ш бараа ирсэн. Энэ тохиолдолд нийт үнийн дүн 6 сая 600 мянган төгрөг хүрээгүй, ижил төрлийн бараа 2-оос илүүгүй байгаа тул та татвар төлөхгүй.
Анхаар!
Тухайн бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн бол гааль өөрсдөө зах зээлийн үнээр нь тооцож танд татвар ноогдуулж болно. Энэ тохиолдолд та өөрийн үнэлсэн үнэлгээгээ нотлох баримтыг бүрдүүлж өгч байж улсын байцаагч татвараас чөлөөлөх үгүйг шийднэ.